ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

  • Home
  • ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Эрхлэгчийн 20…….оны …….-р сарын……….ны

өдрийн……….тоот тушаалын хавсралт №…..  

ДАРХАНУУЛ АЙМГИЙН 18 ЦЭЦЭРЛЭГИЙН ДҮРЭМ   

Нэг. Нийтлэг үндэслэл  

            БСШУСайдын 2019 оны 03 дугаар сарыг 06-ний өдрийн А/118 тушаалаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-д нийцүүлэн боловсруулав.

1.1.Цэцэрлэг нь үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүрэг, зарчим, бүтэц, зохион байгуулалт, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, цэцэрлэгийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.  

1.2.Энэхүү дүрмийг Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэг /цаашид цэцэрлэг гэх/-ийн багш ажилсагсад  дагаж мөрдөнө.  

1.3.Цэцэрлэг нь Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн болон бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Дархан-Уул аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас гаргасан тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. 

1.4.Цэцэрлэг нь хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, гэр бүлийн оролцоог хангасан асран хамгаалах, хүмүүжүүлж, хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн зүй ёсны хөгжлийг дэмжиж, насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана.

1.5.Цэцэрлэг нь үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг дээдэлсэн, ил тод, нээлттэй, хамтын удирдлагын зарчмыг баримтална.

1.6.Цэцэрлэг нь өөрийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааны төвөлөгөөг цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж ажиллана.

1.7.Төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, эцэг эх иргэдтэй  гэрээ хэлцэл байгуулан үр дүнтэй хамтран ажиллаж болно.

1.8.Цэцэрлэг нь ердийн хэв шинжтэй бөгөөд үндсэн сургалтын үйл ажиллагааг зохион явуулна

1.9 Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш, нягтлан бодогч, нярав, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилчид ажиллана.

1.10 Цэцэрлэг нь хуулийн этгээд бөгөөд зохих журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр.  Удирдлага, зохион байгуулалт      

2.1.Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл, захиргааны удирдлагыг эрхлэгч, мэргэжил, арга зүйн удирдлагыг заах аргын нэгдлээр дамжуулан арга зүйч, санхүү аж ахуйн нэгжийг нягтлан бодогч, эрүүл мэнд хүүхэд хамгааллын нэгжийг эмч тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

2.2.Цэцэрлэгийн зөвлөл нь цэцэрлэгийн зохион байгуулалт, дүрэм, журам, санхүү, хөрөнгө оруулалт, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар санал өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана. 

2.3.Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгт багш, арга зүйчээр ажилласан туршлагатай байх ба Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг  удирдлага болгон хэрэгжүүлэн ажиллана.

2.3.1.Эрхлэгч нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

2.3.2.Эрхлэгч нь авлигын эсрэг, хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтээ холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй хандана.  

2.4.Цэцэрлэгийн арга зүйч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг удирдлага болгон ажиллана.

2.4.1.Арга зүйч нь заах аргын нэгдлийг удирдаж, Үндэсний сургалтын хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх хамран сургах тойргийн хүүхдийг үндсэн болон хувилбарт сургалтад хамруулж Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих биелэлтийг дүгнэх, тайлагнах

2.4.2 Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулж үүнд үндэслэн сургалтын чиглэл бүрийн хөтөлбөрийг хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах, багшийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг хянах, үр дүнг үнэлэх

2.4.3 Гэр бүл нийгмийн орчинд бага насны хүүхдийн хөгжүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургалт үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчид зориулан зохион байгуулж, хүүхдийн эрх, хөгжил хамгааллын чиглэлээр гэр бүл иргэн байгууллагатай хамтран ажиллана.

2.5.Тус цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 25-28, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг дунджаар 30-35 хүүхэдтэй байхаар зохион байгуулна.

2.5.1.Цэцэрлэг нь дэргэдээ болон сум, баг, хорооны нутаг дэвсгэрт салбар бүлэгтэй байж болно.

2.5.2.Цэцэрлэгийн багш, туслах багш нар нь 8.00-17.00  цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хуулийн дагуу өдрийн ажлын цаг 8.00 цаг байх бөгөөд ажил мэргэжлийн онцлогоос шалгаалж илүү ажилласан нэг цагийн хөлсийг тооцож олгоно. 

2.6.Цэцэрлэгт хүүхдийг бүртгэх, элсүүлэх, шилжүүлэх, төгсгөх үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулж, БСМС-д мэдээллийг үнэн зөв байршуулж ажиллана.

2.7.Цэцэрлэг нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургах тохиолдолд хүүхдийн хөгжлийн бэрхшээлд тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.8.Цэцэрлэгт байгууллагын үйл ажиллагаа төсөв, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхэд хамгаалал, хүнсний эрүүл ахуй, орчны аюулгүй байдалд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий дотоод хяналтын баг ажиллана.  

2.9.Цэцэрлэг нь бүлэг тус бүрийн болон нэгдсэн эцэг, эхийн зөвлөлтэй байна.

Гурав. Сургалтын үйл ажиллагаа, орчин  

3.1.Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан агуулга, стандартыг хэрэгжүүлнэ.

3.2.Цэцэрлэг нь “хүмүүжил” гэж бага насны хүүхэд ёс суртахууны үнэт зүйлийг чадвар, хандлага болгон эзэмших үйл явц, “төлөвшил” гэж хүүхдийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогц, “нийгэмшил” гэж хүн өөрийн хүмүүжил, төлөвшилд тулгуурлан нийгмийн соёлыг эзэмших үйл явц хэмээн тус тус үзэж өөрийн цэцэрлэгийн хөгжлийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.   

3.3.Цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт тулгуурлан өөрийн онцлогт тохирсон сургалтын төлөвлөгөө, төлөвлөлт боловсруулж өдрийн дэглэмд тусгаж хэрэгжүүлнэ.

3.4.Цэцэрлэгийн эрхлэгч нь ажлын цагт багтаан багш нарт дараа өдрийн хичээл, үйл ажиллагааг зохион байгуулахад бэлтгэх 1 цагийн зохицуулалт хийж өгнө.

3.5.Цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тев байгууллага болон эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчдын зөвшөөрөлгүйгээр сурган хүмүүжүүлэх судалгаа, туршилт явуулж болохгүй. 

3.6.Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэднийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлыг эцэг, эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл, эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж болно.

3.7.Цэцэрлэг нь гадаад орчин, гэрэлтүүлэг, замын гарц, хурд сааруулагч, зогсоол зэргийг замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн нийцүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байна.   

3.8.Цэцэрлэг нь бүлгийн анги танхимаас гадна “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт”-ын дагуу тоноглож, тохижуулсан ариун цэврийн өрөө, багшийн хөгжлийн төв, эцэг эхэд зөвлөгөө өгөх өрөө, хөгжим, биеийн тамирын заал, эрүүл мэндийн кабинет, ёс заншлын өргөө, эрхлэгч, санхүү, арга зүйч, эмчийн өрөө, хүнсний болон аж ахуйн агуулах, тоглоомын талбай, ногоон байгууламжтай байна.

3.9.Цэцэрлэгийн гадаад, дотоод орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.10.Цэцэрлэг нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах журамтай байна.

 

Дөрөв. Багш, бусад ажилтан, эцэг эх, асран хамгаалагч  

4.1.Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч албан тушаалын тодорхойлолт, эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэнэ.    

4.2.Цэцэрлэгт бага насны хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлэх чиглэлээр 3 кредит цагаас доошгүй хугацааны сургалтад хамрагдсан туслах багш ажиллах бөгөөд туслах багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж албан тушаалын тодорхойлолт, эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэнэ.

4.3.Эмч нь эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг зохион байгуулах, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний татан авалт, хадгалалт, боловсруулалт, амталгаа, түгээлтийн үеийн ариун цэвэр, эрүүл, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг албан тушаалын тодорхойлолт, эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.4.Тогооч нь илчлэг, ариун цэвэр, технологийн горим, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан хоол, хүнсээр хүүхдэд үйлчлэх чиг үүргийг албан тушаалын тодорхойлолт, эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.5.Цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллана.

4.6.Эцэг, эх, асран хамгаалагч нь багштай байгуулсан гэрээний үндсэн дээр хүүхдийг гараас гарт хүлээн авч, хүлээлгэн өгч гэр бүлгийн орчинд хүүхэд хөгжүүлэх чадвар эзэмшин сургалтын таатай орчин бүрдүүлэхэд багшид дэмжлэг үзүүлнэ. 

ТавСанхүүжилт  

5.1.Цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна. 

5.2.Нягтлан бодогч нь байгууллагын НББ-ийн бодлогын баримт, НББ-ийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж албан тушаалын тодорхойлолт, эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэнэ.

ЗургааБусад зүйл     

6.1.Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлагатай үед зохих арга хэмжээ аваагүй, удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол цэцэрлэгийн холбогдох албан тушаалтанд хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА